Мэдээ мэдээлэл

Эмч, эмнэлгийн ажилчдад хандлагын 10 хувийн урамшуулал олгоно

Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн салбарын дөрвөн гол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сан хөнгөлөлтэй эмийг борлуулахаар болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг тодорхой болгож, эрүүл мэндийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа авдаг тогтолцоо руу шилжих боломжтой болжээ. Энэ хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирна гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолсон юм.

Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилчдад хандлагын 10 хувийн урамшуулал олгодог болохоор болжээ. Иргэд, олон нийтэд үйлчлэхдээ хандлагын тал дээр дутагдал зөрчил гаргаагүй эмнэлгийн ажилтан сар бүр цалин дээрээ 10 хувийн нэмэгдлийг авах боломжтой юм. Харин эмнэлгийн ажилчид аливаа нэгэн хандлагын зөрчил, алдаа дутагдал гаргавал сар болгоны 10 хувийн урамшуулал нь хасагдаад явна. Цаашдаа хандлагын 10 хувь урамшууллын хэмжээ 30 хувь болгох, эмч, эмнэлгийн ажилчны цалинг 2-3 дахин нэмэх төлөвлөгөөтэй байгааг сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн.