Мэдээ мэдээлэл

С.Бямбасүрэн: 6-12 сард нэг удаа сонсголоо шалгуулж, оношлуулах шаардлагатай

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр энэ сарын 3-нд тохиосон. Сүүлийн жилүүдэд Монголд сонсголын төрөлхийн бэрхшээлээс илүүтэй олдмолоор буюу амьдралын буруу дадал хэвшлийн улмаас сонсголоо алдах, цаашлаад дүлийрэх нь элбэг тохиолддог болжээ. Тиймээс Сонсгол хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор С.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Сонсгол хамгаалах дэлхийн өдрөөр энэ жил олон улсад ямар уриалга дэвшүүлсэн бэ. Үүний хүрээнд манай улсад ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах бол?

-Дүлийрэх, сонсгол буурах гэдэг нь нэг болон хоёр чихний сонсох чадвар доголдох, эсвэл бүрэн алдагдахыг хэлнэ. Уг эмгэг нь хувь хүний амьдралын чанарт илт нөлөөлөөд зогсохгүй нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь хязгаарладаг. Дэлхий дахинд өдгөө 278 сая гаруй хүн дүлий буюу сонсголын бэрхшээлтэй амьдарч байна. Тиймдээ ч ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг Сонсгол хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг 2022 онд “Насан туршдаа сонсохын тулд сонсголоо хайрлая” уриан дор тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд ЭМЯ-ны Чих, хамар, хоолойн мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө хүргэх, үзлэг, оношилгоо хийх зэрэг олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, сонсгол хамгаалах, сонсох чадвар буурахаас сэргийлэхэд чиглэсэн иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зурагт хуудас, видео шторк хэлбэрээр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй. Мөн нийслэл, орон нутгийн бүх шатлалын эмнэлэг үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэх үзлэгт аль болох олноор хамруулах, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан, өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт түлхүү оролцуулахыг зорьж буй.

-Монголд сонсголын бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг бол. Ер нь олонх иргэн ийм бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцахаа төдийлөн мэддэггүй. Тэдэнтэй чангаар орилж ярьж буйгаа ойлголцож байна гэж бодох нь элбэг.

-2021 оны судалгаагаар Монголд сонсголын бэрхшээлтэй 8708 хүн байна гэсэн албан ёсны тоо бий. Анагаахын хэллэгээр сонсгол бууралттай буюу энгийнээр “чих муутай” хүмүүс нийгмээс өөрийгөө тусгаарлан, зурагт, хөгжмийг чанга дуугаар сонсох, хүний хэлснийг давтан асуух, сонсохгүй байгаагаасаа ичиж, нэрэлхэх зэргээсээ болж зожиг болох нь олонтоо. Тиймээс тэдний эл нөхцөл байдлыг ойлгож, ойр дотно, илэн далангүй харилцах нь зүйтэй. Сонсгол нь муудаж байгааг анзаарсан даруйдаа эрт оношлуулж, нөхөн сэргээх эмчилгээ, мэс засал хийлгэвэл эдгэрэх боломжтой талаар хэлж, зөвлөх хэрэгтэй. Түүнээс биш дэргэд нь орилж, хашхирснаараа асуудлыг нь шийдэхгүй.